Saturday, March 22, 2014

”Хэл мөхвөл Үндэстэн мөхнө”

2013 оны 10 сарын 30
Монгол Улсын хил хаанаас эхэлж хаана хүрч дуусдагийг бид бүгд мэддэг. Мөн монголын мал хэдэн толгойд хүрч, хэд нь хорогдсоныг мэдэх боломжтой. Гэтэл монгол хэлээ улсынхаа хил шиг, халуун хошуут мал шигээ мэддэг болов уу. Хэл мөхвөл үндэстэн мөхнө. Сүүлийн жилүүдэд бид монгол хэлээрээ цэгцтэй ойлгомжтой ярьж бичиж чадахаа больжээ. Гадаад үгийг олноор хэрэглэж, нэр томьёогоор цэцэрхэх, чамирхах явдал элбэгшсэн.
Ингэснээр монгол хэлэндээ утгын олон ноцтой алдааг хоногшуулж, буруу зөрүү ойлголт төрүүлэн,найруулгыг нь байнга бохирлож байна. Эх хэлнийхээ хууль ёсыг харь хэлний ёсоор гажуудуулж, сайхан монгол үг байсаар атал оновчгүй харь үгийг хавтгайруулан хэрэглэх явдал хэтэрвээс өнөөдрийн мэт байдалд хүрч болно гэдгийг номч мэргэд маань эртнээс хэлж ярьж, анхааруулж байсан. Засгийн газраас 2013 онд Монгол хэл бичгийн боловсролыг сайжруулах тогтоол гаргасан. Төрийн хэлний зөвлөлийн Ажлын албаны дарга хэл бичгийн ухааны доктор Б.Магсаржавтай эх хэлний дархлааг хэрхэн сайжруулах талаар ярилцлаа.

-Монгол Улсын төрийн хэлний зөвлөл хэлний ямар асуудалд гол анхаарлаа хандуулж байна вэ?

-Төрийн хэлний зөвлөл 2004 онд байгуулагдсан. Манай анхаарлын төвд монгол хэлний хэрэглээ байдаг. Ард иргэдийн хэл ярианы соёлд анхаарал хандуулж, Монгол Улсын Үндсэн хуульд “төрийн албан ёсны хэл” хэмээн тунхаглан хуульчилсан эх хэлээ төрийн болон төрийн бус байгууллагынхан хэрхэн хэрэглэж байгаад судалгаа хийж, дүгнэлт өгч ажилладаг. Хэл, соёлынхоо талаар төр засгаас гаргасан хууль тогтоомжийг хэрхэн сайжруулах билээ гэдэгт ч сэтгэлээ чилээж явна. Монгол үндэстний ирээдүйг тээж яваа хүүхэд залуучуудынхаа эх хэлний мэдлэг чадвар хэр байна хэмээн байнга анхаарч ирлээ. Эх хэлний маань ирээдүй, түүгээр ч үл баран үндэстний маань ирээдүй хүүхэд залуучуудаас ихээхэн шалтгаална. Хүүхэд залуучуудын маань хэл ярианы мэдлэг, дадлага, чадвар ахмад үеийнхний олон олон үйл хэргээс хамаарна. Нэн тэргүүнд эцэг эхийн хэл ярианы баялаг хэр байгаагаас хүүхдийн чадвар шууд хамааралтай. Тэдний олгох хүмүүжлийн дараа олон шатны сургууль хүмүүжлийн байгууллагын багш, хүмүүжүүлэгч нарын зүтгэл бүтээл орно. Өнөөдрийн хувьд хэвлэл, мэдээллийн хэрэгсэл их нөлөөлж байна. Ялангуяа телевизийн сувгууд. Би сэтгүүлчидтэй олон уулздаг. Уулзах бүртээ “Та нар минь ард түмнийхээ эх хэлний багш нар шүү. Та нарын хэлсэн, ярьсан, бичсэнээр ард түмэн чинь ярьж бичиж байгаа шүү” гэдэг юм. Улс орны “дөрөвдэх засаг” гэдэг өргөмжлөл хэвлэл мэдээллийнхний бичлэгийн соёлын хамгийн чухал үнэлэмж, хамгийн том хариуцлага юм. Дунд сургуулийн сурах бичгийн хэл найруулгыг бид үргэлж анхаардаг. Хүүхдүүдийн өдөр,цаг тутамд хэрэглэдэг ном бол сурах бичиг нь. Хүмүүний мэдлэг ухааны аль ч салбарын бай сурах бичиг шинжлэх ухааны мэдлэг олгохын зэрэгцээ хэлэхүйн мэдлэг, дадлага, чадварыг хөгжүүлэх үүрэгтэй. Тиймээс сурах бичиг зохиогчид, тэдгээрийг хэвлүүлэн хэрэглэх үүдийг нээгч эрх мэдэлтнүүд ямар их хариуцлага хүлээж байна вэ. Бид жил бүр тодорхой сурах бичгүүдийн хэл найруулгад эрдэмтдээр судалгаа хийлгэдэг. Дунд сургуулийн сурах бичгүүдийн хэл найруулга засралыг их л удаан олж байна даа. Энэ онд бид тодорхой чиглэлээр судалгаа хийлгээд “Ерөнхий боловсролын сургуулийн сурах бичгийн хэл найруулга” гэсэн эрдэм шинжилгээ, онол-туршлагын хурлыг БШУЯ, Боловсролын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан. Харин одоогийн БШУЯ монгол хэлний сургалтад өмнөхөөс арай өөр үзэл баримтлал,арга барилаар хандаж байгаа нь сайн хэрэг гэж бодож байгаа. Манай улсын гадаад харилцаа, хамтын ажиллагаа өргөжихийн хэрээр монгол хэлэнд гадаад хэлний үг орж ирэх явдал нэмэгдсэн. Энэ нь эх хэлнийхээ төлөө санаа тавьдаг хүн бүрийн сэтгэлийг зовоосоор байна. Төрийн хэлний зөвлөл энэ асуудлыг байнга анхаарч судалгаа хийж, эрдэм шинжилгээний хурал зохион байгуулж, мэргэжилтний дүгнэлт зөвлөмжийг тогтмол түгээж ирсэн. Хэн бүхний мэддэг сайхан монгол үг байсаар атал гадаад үг хэрэглэж чамирхах явдал телевизийнхэнд их байгааг засч чадахгүй л байна.

-Монгол хэлний утга найруулага болон хэлний хэрэглээний соёл ямар төвшинд байгаа вэ?
- Эх хэлээ мэдэхгүй хүн ойд төөрсөн сармагчинтай адил. Монголчууд эх хэлээрээ зөв бичиж, ярьж чадахаа болиод байгаа. Бидний бахархалт өв соёл монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх зорилготой Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Монгол бичгийн хэрэглээг нэмэгдүүлэх тухай” 155 дугаар зарлиг хэрэгжиж эхлээд хоёр жил хагасын хугацаа өнгөрсөн. Монгол хэлийг эцэг эх нь хүүхдэдээ зааж сургах явдал байхаа больсон. Ялангуяа залуу эцэг эхчүүд үүнд анхаарахгүй, гадаад хэлтэй болчихвол гайхамшигтай сайн хүн болох юм шиг бодоод байгаа. Өөрсдөө ч гэсэн гадаад хэлтэй мундаг хүн болох гээд хэдэн нэр томьёог хазгай муруй сурчихдаг. Гадаад хэлний соёлыг эзэмшсэн ч юм байхгүй. Монгол хэлнийхээ соёлыг алдаад, хооронд нь хольж хутгаад бантан шиг юм болгочихдог. Ямаан дээр тэмээний гарз гаргаж байх юм даа. Цааш нь хэлбэл, хүүхдийнхээ эх хэлний утга найруулга, хэлний соёлыг хайхрахгүй байна. Энэ байдлаас болоод Монгол үндэстний үр удмын эх хэлний мэдрэмж, мэдлэг, чадвар доод төвшинд орсон. Хэл нь ядуу аваас сэтгэлгээ нь ядуу байна. Сэтгэлгээ нь ядуу байваас их Монгол үндэстний үр хойчис бусдын зиндаанд явж яахин чадах билээ. Ингэж бодохлоор сэтгэлд өөрийн эрхгүй сүүдэр унах юм даа.

-Хүмүүсийг ажиглаад байхад Монгол хэлийг ЕБС- аас суралцах ёстой гэсэн бодолтой байдаг юм шигээ?
-Монгол хэлээ сурсан байх хэмжээнд хүрээгүй хүүхдүүд сургуульд орж байна. Тэгэхээр бага ангийн багш нарт олон бэрхшээл учирч эхэлдэг. Гэрийн хүмүүжил байхгүй, монгол хэлний мэдлэггүй хүүхдүүд хичээлээ ойлгодоггүй, сурах арга барилгүй, муу сурдаг. ЕБС-ийн сурах бичгийн хэл найруулга доод төвшинд байна. Сурах бичгийг зохиож байгаа хүмүүсийн эх хэлний мэдлэг боловсрол доогуур төвшинд байна. Түүнчлэн орчуулгын модон хэлээр бичиж байна. Тэр нь хүүхдэд ойлгомжгүй болчихдог. Сурах бичиг гэдэг нь хүүхдийг өдөр болгон уншдаг хамгийн чухал ном. Гэр бүлийн хүмүүжил тааруу хүүхэд сурах бичгээс хэлний мэдлэг олж авах магадлал бага. Монгол хэлний хичээлд зөв ярьж бичих хэрэглээний чигийг илүү анхаарах хэрэгтэй. Зөвхөн дүрэм заагаад байвал хүүхдүүдийн хэлний мэдлэг соёл, чадвар хөгжихгүй. Энэ байдал үргэлжилсээр байвал Монгол хэлээ мэддэггүй, монгол соёлоо тоодоггүй, эх оронч үзэлгүй иргэд ихтэй улс л болох байх даа.

No comments:

Post a Comment