Saturday, March 22, 2014


ДЭЛХИЙН НЭГЭН САЙХАН ХЭЛ, МОНГОЛ ХЭЛ МИНЬ
Хүн төрөлхтний 26 омог язгуурын 6900 хэлнээс бурхан бидэнд ямар ч сонголтгүйгээр оноон өгсөн, алтай язгуурт эх хэлнийхээ тухай ярина гэдэг их зол завшаан.

XVI зуунд дэлхий дээр 14 мянга орчим хэл байсан гэдгээр багцаалж үзэх юм бол бурхан бидэнд нэг түм дөрвөн мянганы нэгийг үг дуугүй оноож өгсөн байна. Бурханы энэ сонголтоос одоо бид зайлж гажих гээд, сайн сайхан юманд хүрэхгүй нь илэрхий юм. Оросын суут зохиолч Ф.Достоевскийн “Карамазовын хөвгүүд” зохиолын баатар “Хүмүүн төрөлхтнийг ялан дийлэх ердөө гуравхан хүч энэ хорвоод байдаг.

Эдгээр гурван хүч бол гайхамшиг, нууц, нэр хүнд гурав болно” гэж хэлсэн байдаг. Тэгвэл монгол хэлэнд энэ гурван хүч гурвуулаа байгаа. Би энд бидний мэддэг болоод мэддэггүй гайхамшгийн тухай ярих гэсэн юм.

Эх хэлний маань нэгдэх гайхамшиг нь аугаа их соёлт энэтхэг түмний Рахма, Вишнү тэнгэрсийн болон хүн төрөлхтний гайхамшгийг сэтгэгч Будда, Махадирагийн хэл болох “Самгарьд” хэмээн монголчууд нэрлэдэг, “сайтар найруулсан хэл” хэмээн төвдүүд цоллодог санскрит хэл мөхсөн хэлний тоонд орсон байхад миний монгол хэл өнөөдөр амьд яриа, бичгийн хэлээрээ хэрхэн үлдэж чадаа вэ? Өөрөөр хэлбэл, сүүлийн 400 жил 7100 хэл мөхөж алга болсон байхад эх монгол хэл маань хэрхэн энэ хүрч ирээ вэ? Хүмүүс энэ асуудлыг нэг их сөхөж тавьдаггүй юм.

Эх хэлний маань хоёрдахь гайхамшиг нь XIII-XIV зууны үед Ази, Европыг дамнан хэлэлцэж байсан, өнөөгийн англи хэлэрхүү цор ганц хэл нь монгол хэл байсан юм. Энэ үед монгол хэл мэддэг харийн хүн дэлхийн байлдан дагуулагчдын дурыг татдаг байлаа.

Эх хэлний маань гуравдахь гайхамшиг нь түүний авиа зүй, үг зүй, өгүүлбэр зүйн зохирол, дуурьсал, уян налархай байдал, баялаг үгсийн санд оршино. Өнөөдөр бид оюуны чадамж /IQ/-ийн үзүүлэлтээрээ дэлхийд 21-рт орж байна. Энэ юуны ач вэ гэдгийг бид төдийлөн анзаарч үздэггүй. Энэ бол бидний эх хэлний сэтгэн бодуулах ур чадварын ач буян гэж би хэлье. Монгол хэлний уян хатан байдал, дотоод гоо сайхан нь хэлээд баршгүй, сэтгээд ханашгүй их гэдгийг цөөн жишээн дээр хэлж болно. Үүнд бидний огт анзаардаггүй нэг л эгшиг, нэг л гийгүүлэгч, нэг л үе, нэг л үг тэргүүтэн бол агуу их соёл байлаг гэдгийг мэдэх ёстой. Соёл гэхээр заавал асар том бурхан, их том байшинг хэлдэггүй. “А гэсэн ганц авиа, ганц эгшиг, ганц үе бол бүхэл бүтэн үүр, утга, үсгийн уурхай, монгол хэлний маань арвин баялгийн эх ундарга юм. Энэ ганц эгшиг авиа үг, үйл язгуур орших байхын утгыг илэрхийлдэг. Энэ язгуураас үйл үгийн бүх цаг, бүх төлөв байдал хувилан гарна. “Ажээ”, “ажгуу” гэвэл өнгөрсөн цаг, “амуй” гэвэл одоо цаг, “ахуй” гэвэл ирээдүй цаг. Мөн энэ язгуураас “ахуй” хэмээх гүн ухааны тулгуур ойлголт, “амидур” /монгол бичгийн дуудлагаар/ гэх байгалийн түүхийн үндсэн хөгжил ундран гарна. “Амьдрал” хэмээх үг “а” үйл язгуураас үүсэхийн тулд дөрвөн үе шат дамжиж байгааг анзаарч болно: Оршихуйн тулд амь чухал. Амь байсан цагт амьд байна. Амьдын төдийд бас амьдрах хэрэгтэй. Амьдарч байгаа цогц ойлголтыг амьдрал гэнэ. Амьдрал өөрөө байгалийн үүсэл хөгжлийн энэ олон шатны үр дүн. Тэгэхээр энэ мэт “а” язгуурт үг үүсэх, амьдрахын, оршихуйн тухай тулгуур ойлголтуудыг тэмдэглэж байна. Энэ л монгол хэлний гүн ухаан, гоо сайхан нь юм. Энэ сэтгэлгээний агуу чадлыг нь би бишрэн хүндэлдэг юм. Энэ “а” гэдэг эгшиг авиа суурь нь болоод тагнайшсан, уруулшсан гэсэн хоёр замаар хувьссанаас хагас тагнайшсан “э”, хагас уруулшсан “о”, бүтэн тагнайшсан “и”, бүтэн уруулшсан “у”, бүтэн тагнайшаад, бүтэн уруулшсан “ү”, бүтэн уруулшаад, бүтэн тагнайшсан “ө” эгшиг авиа дэс дараалан үүсч, эгшгийн солонголог задлаг үүсдэг болов уу гэж би боддог. Гэхдээ миний бие мэргэжлийн авиа зүйч биш гэдгийг хэлмээр байна. Энэ долоон эгшгийн солонгыг нэг ижил бүтэц дээр байрлуулад үзвэл бүр тодорхой харагдана. Жишээ нь, “бамбагар”, “бэмбэгэр”, “бумбагар”, “бомбогор”, “бөмбөгөр”… Тэгэхэд уг юмны орон зайн хэмжээ хэмжээ, чанар байдал нь өөрчлөгдөж байгаа нь анзаарагдана. Үгсийн сангийн баялгийн талаас хөндөж ярья л даа. Манайд одоо гадаадын үг их орж ирдэг болжээ. Гэтэл тэр бүгдийг орчуулж болдог юм байна. Монголын “Хан Харанхуй” туульст хурим найр өндөрлөхийг “Дангийн улаан арзыг дараагий нь алдалгүй хийлээ” гэж дүрсэлдэг.”Дан” гэдэг үг бол найр тарлаа гэсэн утгаас гадна архи дарсны дахин нэрснийг хэлдэг нэр юм. Иймд дангийн улаан арз гэдэг бол найрын төгсгөлд найрчдад хүртээдэг дахин нэрснээс гарсан хатуу улаан сархдыг нэрлэж байна. Монголчууд “Архийг нэрээд арз, арзыг нэрээд хорз, хорзыг нэрээд хор” гэж ярьдаг. Тэгэхээр өнөөгийн өрнө зүгийн соёлоос гаралтай найр ёслолын төгсгөлд хуруувчин хундагаар хүртээдэг коньяк гэдэг сархдыг өөрийн эрхгүй санагдуулж байгаа юм. Туульсын зохиолд идээ умдааныг өнгө зүсээр нь нэрлэсэн байдаг нь яг таардаг. Улаан арз гэхээр яг л коньяк юм. Буриадууд бор дарсыг “борз” гэдэг. Яг л онож хэлээд байгаа биз. Монгол бөөгийн “Онгодын нэхэл үг” гэж байдаг. Тэр дотор “Архи шатам ууя л даа” гэж гардаг. Тэр “шатам” гэдэг үг байна. Энэ бол монголоор спиртийг хэлж байгаа юм. Уруул чимчигнүүлээд, хоолой хага зураад, гал маналзуулаад байгаа юмыг чинь “шатам” гэхгүй өөр юу гэх юм бэ. Тэгэхээр энэ “шатам” гэдэг үгийг ухаандаа одоо ч хэрэглэж болохоор байгаа юм. “Шатам уувал шатаж ч мэднэ шүү”, “17 чингэлэг шатам”… Шатам гэхээр зурс гээд толгойд бууж байгаа биз. Монгол хэлэнд бас дүрсийн хэлийг үүсгэдэг “-лжин” дагавар байна. Гурвалжин, дөрвөлжин хоёроос эхлээд таван өнцөгтийг нэрлэдэг тавалжин, зургаан өнцөгтийг нэрлэдэг зургаалжин… Америкийн Батлан хамгаалахын яамыг л гэхэд дэлхий дахинаараа Pentagon /Пентагон/ гэж нэрлэдэг. Энд батлан хамгаалах яам гэсэн утга ерөөсөө байхгүй. Тавалжин гэдэг дүрсийг л хэлээд байгаа юм. Дээр үед манай уран зургийн сурах бичигт амьтны дүрсийг дуурайлгасан хээ гэж байдаг байсан. Гэтэл энийг монголоор “амьталжин хээ” гэхэд л болчихно. “Ургамлын дүрсийг дуурайлгасан хээ угалз” гээд дөрөв таван үсгээр нэрлэсэн байна. Гэтэл үүнийг “Ургамалжин хээ” гэхэд л гүйцээ. Бүх утга байна. Энд юуг хэлэх гээд байна вэ гэхээр аливаа нэгэн үзэгдэл ойлголт, төсөөллийг өөрийн хэлээр сэтгэж сурах нь нэг чухал хэрэг. Харийн хэлээр сурах, сэтгэх нь бас нэг өөр хэрэг. Харийн хэлээр сэтгэхэд их амархан. Ердөө л дуурайх, цээжлэх, хэлэх. Энэ гурваар л болно. Харин өөрийн хэлээр сэтгэнэ гэдэг бол шал өөр. Энэ нь зөв, тэр нь зөв. Ийм язгуур дээр ийм дагавар. Ингэвэл энэ ойлголт сайн болно гэж сэтгэнэ. Монгол хэлний сэтгүүлэх чадварын гайхамшиг нь энд оршино.

Эх хэлний маань дөрөвдэх гайхамшиг бол хамгийн орчин үеийн шинжлэх ухаан, ур технологийн ойлголт ухагдахуунтай үлэмж ойролцоо зөн билгийн мэдлэг мэдээлэл агуулгатай байдаг. Аливаа хэл соёл бол ганцхан өнгөрсөн, одоо цагийн мэдлэг биш, ирээдүй цагийн мэдлэг байдаг. Нэгэн үе глобальчлал хэмээх нэр томъёо гарч ирэхэд “Монголын нууц товчоо”-ны “Наран ургахуйгаас шингэхүй хүртэл даяар…” гэсний утгыг бодож “даяарчлал”, “даяаршил” гэж нэрлэсэн. Энэ нь одоо сүүлийн үед нэлээд хэвшил болж байна. Гэтэл энд бас бодох юм байнаа. “Даяаршил”, “даяарчлал” хоёрыг бодоод үзээрэй. “-шил” гэдэг дагавар бол аяндаа болж байгаа юмыг хэлдэг. Зунших, намарших, борооших, гээд бодоод үз дээ. Хэрэвзээ энэ үзэгдэл маань Америк тэргүүтэй их гүрнүүд, дэлхийд хүчээр хэрэгжүүлж байгаа юм бол “даяарчлал” мөн. Харин энэ дэлхийн хөгжилд жамаараа болж байгаа үзэгдэл бол “даяаршил” мөн. Тэгэхээр энэ даяарчлал, даяаршил гэдгийн аль нь зөв юм гэдгийг бас бодох хэрэгтэй. Сайхан монгол хэлтэйгээ үлдэх гол оньс гэвэл ирээдүйн иргэд болох хүүхэд багачууддаа эх хэлээ ганц хичээлээр биш, онол зүйн аргаар уламжлуулан үлдээхэд оршино. Үүнд, ЕБС-д хэлбичгийн хичээлээр үздэг хэлзүйн дүрэм, нэр томъёог аль болох цөөлж, бичиг ярианы хэлэнд ойртуулах хэрэгтэй гэж бодож байна. Уламжлалт монгол ардын тоглоомыг заан элгэрүүлэх, аман зохиол уншуулах нь онцгой чухал үүрэгтэй. Америкчууд энэ ажлыг яаж хийдэг вэ гэхээр таван ном уншсан хүүхдэд нэг пиццаны тасалбар өгдөг. Тэгээд тэр хүүхэд гэрийнхнийгээ урьж, пицца идүүлдэг. Сайхан заншил байгаа биз? Хүүхэд л юм болсон хойно эхлээд пицца идэх гээд ном уншина. Тэгээд одоо хоёр ном уншчих юм бол пиццаны тасалбар авч гэрийнхнийгээ урина даа гээд л. Сүүлдээ нөгөө хүүхэд чинь номын амтанд ороод тасалбартай тасалбаргүй уншиж сурдаг байна л даа. Яагаад бид нар ч гэсэн үүн шиг уншсаных нь төлөө хүүхдийг урамшуулж болохгүй гэж. Ийм хөшүүрэг хэрэгтэй байна шүү дээ. Гэтэл бид ийм хөшүүрэг хэрэглэхгүй байна. Даяарчлал, даяаршлын эрин үед хэн нь, юугаа авч үлдэх вэ гэж хамгаалж, өмгөөлж буй өнөө үед нэг л юм тодорхой байна. Монгол хэл соёлоо монголчууд бид л авч үлдэхгүй бол, бид л эс хайрлан хамгаалбал өөр хэнбугай нь ч бидний өмнөөс энэ өв хөрөнгийг хайрлан хамгаалахгүй, авч үлдэхгүй. Хятад авч үлдэнэ гэж бодож байна уу, Америк авч үлдэх үү? Магадгүй Ирланд авч үлдэх юм болов уу?

Зүйрлээд хэлвэл биднийг тээж төрүүлсэн ээжийг бид л өргөж, ачилж, асардаггүй юм бол өөр ээжийн охид хөвгүүд бөөцийлөөд явах нь юу л бол доо. Төрсөн үрс нь үнсэнд хаясан шалз шиг гээсэн ээжийг тэлсэн үрс нь гараас нь дэмнээд босгох нь юу л бол доо. Монголын төр, монгол хүн бидний хувь заяанд оноож заяасан, өөр хэн ч булаалдахгүй өв хөрөнгө гэж байдаг. Түүнийгээ хэн нэгэнд даатгачих юм шиг эндүүрч бодон мунхралгүй өөрсдөө өөд нь татвал ямар вэ? Гадаад орноос түмэн зүйлийн төсөл орж ирээд хэрэгжүүлдэг боловч “Монгол хэлийг хамгаалах төсөл” гэж та нар дуулсан уу? Тэгвэл тийм төсөл хэзээ ч байхгүй, байдаг ч үгүй. Яагаад гэвэл тэр чинь тэднийх биш, бидний өв хөрөнгө. Өөрт заяасан үнэт зүйлээ өөд нь татах эсэхийг үр хүүхэд болсон бидний сэтгэл ухаан, хүн ёсны жудаг л мэдэх юм даа

No comments:

Post a Comment