Sunday, March 30, 2014

Гарын үсгээ монгол бичгээр бичих уриалга гаргалаа


    Манай улс орон бүрт байгаад байдаггүй үндэсний бичиг соёлтой ард түмэн. Харин сүүлийн жилүүдэд үндэсний монгол бичгээ бичиж, хэрэглэхгүй орхигдуулаад байгаа.

   Дархан-Уул аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас нэгэн уриалга гаргаад байна. Уриалгад “Монгол Улс бичиг үсгийн 2000 жилийн түүхтэй эртний соёлт улсын нэг. Монгол бичиг нь Монголын ард түмний соёл мэдлэгийн санг олон үеийн турш тээж ирсэн бичиг төдийгүй хүн төрөлхтний бүтээсэн оюуны соёлын салшгүй нэгэн хэсэг бөгөөд монголчууд XIII зуунаас хэл аялгуундаа тохируулан хэрэглэж, улам төгөлдөржүүлэн хэлбэрээр мэдлэг ухааны туурвил бүтээлийг бий болгожээ. Үнэт соёлын өв болсон монгол бичгээ хадгалан хамгаалж, эзэмшин хэрэглэж төгс төгөлдөр болгох нь хүн төрөлхтөний өмнө монголчуудын хүлээсэн үүрэг мөн.
   Өвөг дээдсээсээ өвлүүлэн үлдээсэн үндэсний бичиг үсгээ хойч үедээ уламжлуулан үлдээж байх нь Төрийн ухаалаг бодлого байвал зохилтой. Үндэсний эгэл болон дээдийн соёлыг төрийн бодлогын зүрхэн талд байх ёстой. Өвөг дээдсээс бидэнд үлдээж өвлүүлж өгсөн энэ бичиг соёлыг хамгаалан өвлүүлэхэд Монгол төрийн бодлого хүчтэй явагдаж байна. Үндэсний хэл, бичиг үсэг, соёлоо нийгмийн хөгжлийн хандлагатай нийцүүлэн хослуулж хөгжүүлэх хүчтэй урсгал түрэн орж ирлээ.
   Энэхүү урсгалд үндэсний хэл бичгээ алдахгүй, сануулах сэргээх зорилгоор Дархан сумын ИТХ, түүний Тэргүүлэгчдээс Дарханчуудаа манлайлан аймаг, сум, багууд болон хэлтэс, агентлагууд, Монгол бичиг бүхий тамга барьдаг Төрийн байгууллагуудын удирдах ажилтан, мэргэжилтэн бүрийг ард түмний өв соёл баталгаа тэнгэрлиг Монгол босоо бичгээрээ гарын үсгээ зурж, өрөө тасалгааныхаа үүдний баруун дээд буланд монгол бичгээр хаягаа хадаж хэвшин, үлгэр жишээг үзүүлсэн анхны аймаг болохын төлөө сэтгэл зүтгэлээр нэгдэн ажиллахыг уриалж байна. Уриалгыг билгийн улирлын 17 дугаар жарны “Ялгуусан” хэмээгч модон морь жилийн шинийн 1-ний өдрөөс хэрэгжүүлэн албан ёсны бичиг тэргүүтнээс эхлэн гарын үсгээ босоо Монголоор бичиж эхэлцгээе” гэжээ.
 

No comments:

Post a Comment